
“Улаанбаатар Төмөр Зам” ХНН-ийн 75 жилийн ойн хүрээнд Монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийг Төмөр Замын Дуу Бүжгийн Чуулгын уран бүтээлчид “Цагаан Лавай” чуулгын уран бүтээлчидтэй хамтран ирэх гуравдугаар сард олны хүртээл болгох гэж байна.
Монгол Улсын Засгийн Газраас “Үндэсний нэгдмэл үнэт зүйл“ -ийг эрхэмлэх зорилгыг хэрэгжүүлэх үүднээс “Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна” гэсэн зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн билээ.
Уг зорилтын хүрээнд хүүхэд залуучуудад эх оронч үзэл, хандлагыг төлөвшүүлэх, эх орон, тусгаар тогтнол, үндэсний дархлааны үнэ цэнийг мэдрүүлэх ач холбогдол бүхий энэхүү түүхэн дуулалт жүжгийн цомнолыг Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч Л.Сэнгээ бичиж, Ерөнхий найруулагчаар Төмөр Замын Дуу Бүжгийн Чуулгын ерөнхий найруулагч, “Цагаан Лавай” чуулгыг үүсгэн байгуулагч СТА Д.Ганболд, хөгжмийн зохиолчоор СТА О.Чинбат, бүжиг дэглээчээр СТА О.Ууганбаяр, тайзны зураачаар СТА Ч.Батболд, хувцасны зураачаар СТА Б.Амаржаргал, фото дизайнераар Б.Ганзориг, ерөнхий продюсераар Төмөр Замын Дуу Бүжгийн чуулгын дарга Л.Биндэръяа нар ажиллажээ.
Дуулалт жүжигт Төмөр Замын Дуу Бүжгийн Чуулга, “Цагаан Лавай” чуулгын 60 гаруй уран бүтээлч оролцож байна.

“Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжигт зориулсан “Эх оронч хүмүүжил ба Монголын нууц товчоо”сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 01-р сарын 25-ны 11 цаг 30 минутаас “Ган Зам Палас” буюу хуучнаар Төмөр Замын Соёлын Ордонд зохион байгуулагдах юм.

Эрдэм шинжилгээний бага хуралд:
-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор Г.Билгүүдэй: “Монголын нууц товчооны түүхэн ач холбогдол”,
-“Монголын Үндэсний Урлагийн Их Театрын зөвлөх найруулагч, МУУГЗ На.Болд: “Тэмүжин ба Чингис хааны дүр Монголын тайз дэлгэцийн урлагт”,
-МУБИС-ийн Утга зохиолын тэнхмийн хэл бичгийн ухааны багш, доктор Г.Батсуурь: “Монголын нууц товчоо өнөө цагийн хүүхэд залуучуудын хүмүүжилд нөлөөлөх нь,
-МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш, доктор, дэд профессор Б.Батсүрэн: “13-р зууны түүх болон Тэмүжиний бага, идэр нас”,
-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Мөнхсайхан: “Монголын нууц товчоон дахь эртний Монголчуудын соёлын уламжлал” сэдвээр тус тус илтгэл тавина.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэд, судлаачид, оюутан сурагчид, уран бүтээлчид болон сонирхсон хүн бүрийг Эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирж эрдэмтдийн илтгэл, судалгаа шинжилгээний ажлуудаас шимтэн сонирхохыг түүхэн дуулалт жүжгийн хамт олон, эрдэмтдийн зүгээс урьж байна.
Эрдэм шинжилгээний бага хурал 01 дүгээр сарын 25-ны 11 цаг 30 минутаас “Ган Зам Палас” буюу хуучнаар Төмөр Замын Соёлын Ордонд болно.


