
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй иргэд танилцах хугацаа дуусч, иргэдээс албан ёсоор захиалга авч эхлээд байна. Туршилтын хугацаанд есөн мянга гаруй иргэн системд нэвтэрчээ.
Иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж эрэмбэлэх бөгөөд эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгох юм.
Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн автомашин, цахилгаан автомашин болон зөв хүрдтэй автомашинууд хамгийн өндөр оноог авах аж. Хамгийн өндөр оноотой байгаа тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгох боломжтойг илэрхийлсэн мэдээллийг бүтгэлтэй утасны дугаарт илгээнэ. Уг систем нь дугаар олгодог систем биш, дугаар олгох дарааллыг бүртгэж буй систем юм.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авахдаа улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэгэн өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлсэн байх шаардлагатай.
