
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар төрийн айлчлал, албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
“Шинэ Хархорум” хот, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор зэрэг төслийн хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлд Турк улстай хамтран ажиллах сонирхлоо Монголын тал илэрхийлсэн байна.
Монгол, Турк хоёр улс харилцаагаа 2004 онд Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байсан бол андын харилцааг улам ахиулах шийдвэр гаргасныг талууд онцолж байна.
Стратегийн түвшин тогтоосон тухай Хамтарсан тунхаглалд хоёр тал гарын үсэг зурсан нь хоёр улсын цаашдын харилцаа улам бэхжин гүнзгийрэхэд ач холбогдолтойг дурдлаа.
Айлчлалын үеэр боловсрол, байгаль орчин, залуучууд, спорт, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон чухал салбарт хамтран ажиллахаар хоёр улсын яам, байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

