
Өнөөдөр түүхэн өдөр тохиож Монгол Улс гуравдагч хөрштэй хоёрдахь томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээгээ үзэглэлээ.
Монгол улс нөөц нь тогтоогдсон ордуудаа түшиглэн бүтээн байгуулалт хийж, үйлдвэрүүд ашиглалтад оруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана.
Тэгвэл Франц улстай хийсэн энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улс эдийн засгаа тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Зөөвч-Овоо төсөл
Франц улсын төрийн өмчит Орано групп нь цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр манай улсад 1996 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт гэсэн 3 орд (105 орчим мянган тонн ураны геологийн нөөц бүхий)-ыг илрүүлж, “Бадрах Энержи” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийг 2015 оноос хойш 20 жилийн хугацаатай эзэмшин, үйл ажиллагаа явуулж байна.
Зөөвч-Овоо төслийн талбайд “Бадрах Энержи” ХХК нь 2017 оноос үйлдвэрлэлийн туршилтын ажлыг хийхээр бэлтгэж эхэлсэн бөгөөд 2021 оноос эхэлсэн энэхүү туршилтын үр дүнгээс хамаарч 2 ордыг бүрэн хэмжээнд ашиглах техникийн үзүүлэлтүүд тодорхой болсон байдаг.
“Бадрах Энержи” ХХК нь Зөөвч-Овоо ордын туршилтын газар доор уусган олборлох олборлолтыг 2021 оны 07 дугаар сараас Зөөвч-Овоо туршилтын үйлдвэртээ гүйцэтгэж, 2023 оны хагас жилийн байдлаар нийт 10.4 тонн уран агуулсан 27.5 тонн ураны баяжмал “аммонийн диуранит” гарган авч тусгай зөвшөөрлийн талбайдаа хадгалж байна.
Зөөвч-Овоо ордыг бүрэн хүчин чадлаар нь олборловол жилд 2500- 3000 тонн уран гаргана. Энэ хэдийгээр том тоо биш ч Монгол Улс дэлхийн зах зээл дээр уран борлуулдаг нэг тоглогч болох боломж бий.

Төслийн үр дүнд:
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, шинэ технологи нутагшиж, 1600 ажлын байр бий болно. Тухайн үйлдвэрт Монгол хүнийг ажилд авах, тухайн сум, орон нутгийн иргэдийг ажилд авах нөхцөлийг бүрдүүлж хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой тусгаж өгсөн бөгөөд 1600 ажилтны 17 нь гадаад ажилтан байх, гадаад, Монгол ажилчид цалингийн зөрүүгүй, дундаж цалин 7-12 сая төгрөг байхаар ярилцаж байна.
Газрын дор уусган олборлох арга
Газрын дор уусган олборлох арга нь олборлолтын уламжлалт аргууд болох ил болон гүнийн уурхайгаар олборлох боломжгүй элсэн чулуун дахь ураны ордыг олборлоход ашигладаг арга юм. Газрын дор уусган олборлох арга нь уран олборлоход хамгийн өргөн ашиглаж байгаа арга. Тус аргаар бусад металл, тухайлбал зэс олборлодог.
Бага хэмжээний гүний үйлдвэрлэлийн усыг соруулж аваад, 2 хувийн концентрацтай хүхрийн хүчил нэмнэ. Хүчилжүүлсэн усны рН буюу хатуулаг нь 1,5 байдаг. Хүчилжүүлсэн усыг ураны хүдэржилт байрлах уст үе рүү шахах цооногоор шахна. Уг уусмал хүдрийн биетээр нэвтрэхдээ өөртөө ураныг уусгаад, цаашлаад соруулах цооногт хүрч газрын гадаргa руу сорогдон гарч ирснээр боловсруулах хэсэгт хүргэгддэг. Үүний дараа ураныг шингэнээс нь салган, худалдаалах боломжтой ураны концентрат буюу ураны хүдрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Газрын дор уусган олборлох аргыг ашигласнаар уран агуулагч хүдрийг газрын гадаргад гаргаж ирэлгүй металыг нь олборлодог.
Газрын дор уусган олборлох аргыг ил болон гүний уламжлалт уурхайн аргуудтай харьцуулахад эдийн засгийн үр ашиг, техник технологи мөн байгаль орчны хувьд олон давуу талтай аж.
Хөрөнгийн зардал бага (уурхайн хүнд машин, тоног төхөөрөмж шаардлагагүй, хүдэр бутлахгүй, боловсруулах үйлдвэр нь илүү энгийн)
Үйл ажиллагааны зардал бага (тэсэлгээ, хөрс хуулалт хийхгүй)
Үйлдвэрлэлийн хүчин чадлын уян хатан байдал
Хаягдал буюу хүдрийн биетийг зөөвөрлөхгүй
Ил нүх, хаягдлын овоолго үүсэхгүй
Олборлолт хийхэд ус шавхах шаардлагагүй
Байгалийн төрхийг хамгийн бага хөндөнө
Хамгийн бага хэмжээнд шуугиан, тоос, дизель зэргийг ялгаруулна (хүнд техник тоног төхөөрөмжийн хэрэглээ хамгийн бага, тээвэрлэлтийн зам үүсэхгүй) зэрэг давуу талтай
Дэлхий нийтэд олборлож буй ураны 56-60 гаруй хувийг газар дор уусган баяжуулах аргаар олборлож байна. Өнөөдрийг хүртэл дэлхий дахинд уран олборлохтой холбоотой цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ тэмдэглэгдээгүй ажээ.
“Шар нунтаг”-ийн тухайд
Монгол Улсын хувьд цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахад шаардлагатай үндэсний дүрэм, журам, стандарттай.
“Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-д ураныг хүдрээр гаргахгүй гэж тусгасан. Тиймээс манай улс өртөг шингээн шар нунтаг гаргана. Ураны хүдрийг боловсруулах үйлдвэрт баяжуулснаар 80% орчим уран агуулсан исэл (U3O8) буюу шар нунтаг гарган авна. Гаргаж авсан ураны исэл нь уусгагч уусмал, хатаалтын хэмээс хамаарч шар, улбар шар, хар ногоон, хар бараан өнгөтэй байдаг. Ураныг олборлоход харагдаж байсан өнгө, шинж чанартай нь холбон “шар нунтаг” хэмээн нэрлэсээр иржээ.

Өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчний станцаас гарсан ашиглагдсан түлш, мөн ашигласан түлшийг дахин боловсруулахад үүссэн хаягдлыг шар нунтаг экспортлосон улс оронд нь буцаан олгодог гэнэ” гэх ташаа яриа олон жил яригдсан. Тэгвэл ийм олон улсын зохицуулалт хаана ч байхгүй, хэзээ ч байгаагүй юм.
Дэлхий нийтэд газар доор уусган баяжуулах аргаар нийт жилд олборлож буй ураны 56-60 гаруй хувь нь газар доор уусган баяжуулах аргаар олборлож байна. Энэ бол битүү системээр буюу газар доор уусган баяжуулах аргаар уран олборлодог. Иймээс өнөөдрийг хүртэл дэлхий дахинд уран олборлохтой холбоотой цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ өнөөдрийг хүртэл тэмдэглэгдээгүй.
Ураны үйлдвэрлэл-дэлхий дахинаа
Дэлхий дахинд ураны үйлдвэрлэлийн циклд 50 гаруй улс оролцож байгаа бөгөөд нийт 5234 ураны орд бүртгэгдсэн байна. ОУАЭА болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хамтран гаргадаг ураны Улаан номонд дурдсан мэдээллээр 4 мянган тонноос дээш хэмжээтэй ордуудын тоогоор Монгол улс дэлхийд 10-т жагсаж байгаа бөгөөд жагсаалтын эхэнд АНУ, Австрали, ОХУ байна.
Олборлолтын хувьд, 1945-2021 оны хооронд дэлхий дахинаа нийтдээ 3.1 сая тонн уран олборлосон. Олборлолтоор сүүлийн 10-аад жил Казахстан улс тэргүүлж байна. Казахстаны жилд олборлож байгаа ураны хэмжээ 21 мянган тонн, 2-рт Австрали, 3-рт Намиби улс ордог байна.
