
Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээн Төрийн ордонд 1-р сарын 11-12-ны өдрүүдэд үргэлжлэн явагдаж дүнгээ гаргалаа.
Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 40 шатарчин Швейцарь системээр найман өрөг тоглож оюун ухаанаа сорин өрсөлдөв.
Тэмцээний эрэгтэй ангилалд Сандагдоржийн Сод-Эрдэнэ (ХУД/Завхан) алтан медаль, Даваацэрэнгийн Ганхөлөг (МХХ/Өвөрхангай) мөнгөн медаль, Төмөрхуягийн Эрдэнэчулуун (БЗД) хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэй ангилалд, Ишбалдангийн Нангилмаа (НШХ/Баянхонгор) алтан медаль, Эрдэнэбилэгийн Тунгалагсайхан (Завхан) мөнгөн медаль, Дуламжавын Азжаргал (Баянхонгор) нар хүрэл медалийн эзэн боллоо.


Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчид, ахмад тамирчид, 1700 хүртэлх болон 1700-аас дээш чансаатай тамирчдын шагналыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар гардуулсан юм.
Монголын шатрын холбооноос олгодог “Оюунлаг түшээ” шагналыг Үндсэн хууль тогтоогчдын холбооны ахмад шатарчин Д.Чилхаажав, Т.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар нарт олголоо.
Тэмцээний медальтнууд шатрын спортын “Дэд мастер” цолны болзол хангасан бөгөөд 1-р сарын 13-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болсон хүчит бөхийн барилдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас шагналаа гардан авсан юм.
Дашрамд дурдахад, Монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, Монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргасан.
Уг зарлигийн хүрээнд энэ удаагийн УАШТ-ийн үеэр Монгол шатраа сурталчлан таниулах, дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилгоор анх удаагаа Монгол шатрын тэмцээнийг зохион байгуулснаараа энэ удаагийн УАШТ онцлог байлаа.