
Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.16/ товлогдсон байсан ч шүүгч хэргийн материалтай танилцана гэх шалтгаанаар шүүх хурал хоёрдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшиллоо.
Хэргийг тодруулбал, Монгол улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж саатуулсан талаар Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 19.4-ийн 1-д зааснаар ялласан.
Тодруулга: 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө.