
Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч платформын нэг Trip.com групптэй 2024 оны 9-р сард хамтран ажиллах гэрээ байгуулсны үр дүнд Trip.com платформ дээр Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд “Go Mongolia” үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт тогтоцыг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Монгол Улсын аялал жуулчлалыг Хятадын зах зээлд түгээх зорилгоор Weibo, WeChat зэрэг платформуудаар дамжуулан хэрэглэгчдэд контент хүргэж байна. Мөн энэхүү платформоор дамжуулан нислэгийн тийз болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд худалдан авах боломжтой.
Монгол улс 2024 онд 810 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болсон. Цаашид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байгаа аж.
https://shorturl.at/s6slf

