Өмнөд Солонгос улсын Пёнчан хотын Олимпын спорт цогцолборын “Alpensia” гүйлтийн цанын төвд тус улсын аварга шалгаруулах 79 дэх удаагийн нээлттэй тэмцээн болж байна.
Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах сонгомол 15км зайд -46:07.9 амжилтаар 1-р байр, тэшилт 30км зайд – 1:19:05.6 амжилтаар 1-р байр тус тус эзэлж Олимпын стандарт замд болж буй чансаа өндөр энэхүү тэмцээнээс хос алтан медаль хүртлээ.
Түүний хувьд өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил Солонгосын улсын аварга цолыг хүртэж, тус улсын үндэсний тэмцээнд түрүүлсэн анхны Монгол тамирчин болж байна.
Мөн 19 настай Т.Өсөх-Ирээдүй 49:47.0 цагийн амжилтаар зургадугаар байр эзэлсэн байна. Энэ зайд нийт 30 тамирчин уралдсан бөгөөд Монгол, Тайвань, Ирландын тамирчид оролцож тэмцээнийг өрсөлдөөнтэй болгожээ.