Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлэх журмыг баталсан юм.
Насжилт нэмэгдэхийн хэрээр асрамжийн газарт асруулах шаардлагатай ахмад настны тоо нэмэгдэж, төлбөртэй болон төлбөргүй хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах хэрэгцээ шаардлага бий болсоор байгаа юм.
Ахмад настанд төрөлжсөн асрамжийн үйлчилгээг 20 ба түүнээс дээш тооны асруулагчид 12 сараас дээш хугацаагаар үзүүлж байгаа бол нэг удаа 100.0 хүртэл сая төгрөгийн түрээсийн зардлын дэмжлэг, 50-аас багагүй тооны асруулагч хүлээн авах хүчин чадалтай төрөлжсөн асрамжийн газрын барилга байгууламж шинээр барих аж ахуйн нэгж, байгууллагад барилгын ажлын гүйцэтгэл нь 50-аас дээш хувьд хүрсэн бол нэг удаа 500 сая хүртэл төгрөгийн зардлын дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.
Ингэснээр төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг хувийн асрамжийн газар байгуулахад хөрөнгө санхүүгийн хувьд дэмжихээс гадна тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие ахмад настанд үзүүлэх асрамжийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.