Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм Монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Өнгөрснийг дүгнэж, эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилго бүхий “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг улс төрийн намууд зөвшилцөж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран боловсруулж, Монгол Улсын Их Хурал баталсан билээ.
Бодлого, засаглал тогтворгүй, эрх зүйн орчин ойлгомжгүй, хөрөнгө оруулагчдад хэлсэндээ хүрдэггүй, том төслүүдээ улс төржин гацаадаг гэсэн нэршил “Монголын за андгай буй заа” хэмээн ирсэн та бидний язгуурын философиос нэлээдгүй зөрсөн нь нууц биш юм.
Сайтар судалсны үндсэн дээр улс төрийн намууд зөвшилцөн 2023 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал баталж, 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдэж, Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлж эхлээд 100 хонож байна.
Олон жил гацсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийж, гадаад талдаа улс орнуудын тогтолцоо, эрх зүйн ялгаатай байдал, дотоод талдаа намууд хоорондын үзэл санаа болон мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд Засгийн газар бүхий л боломжоо дайчлан ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна.
Хөгжлийн мега төслүүд гацсан суурь шалтгаан:
Нэгдүгээрт, олон улсын геополитик нөхцөл байдал, тусгай албадын шууд болон шууд бус нөлөөлөл,
Хоёрдугаарт, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэл,
Гуравдугаарт, дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акц юм.
Эдгээр гурван нөлөөллийг Улсын Их Хурал, Засгийн газар даахгүй явсаар ирсэн нь гашуун үнэн юм. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлэл учирсан баримтууд ч олон бий.
Сонгуулийн холимог тогтолцоо, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар ийм нөхцөл байдлыг даван гарч, улс орныхоо хөгжлийн түүхийг эхлүүлж чадсаныг дэлхийн улс орнуудын түүх нотолдог. Олон нийт ч ийм хүлээлттэй байна.