Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан.
Гэвч энэ хуулийн зүйл, заалтыг Ардчилсан намын гишүүд санаатайгаар мушгин гуйвуулж байгаа тухай Л.Энх-Амгалан сайд мэдээлсэн.
Мөн тэрээр Л.Мөнхбаясгаланд хандаж: “Монголын хөгжлийг хэдэн арван жилээр гацаасан, нураасан, ирээдүй үеэ хоролсон хүмүүсийн нэг нь та өөрөө. Таны нураасан миний бүтээсэн хоёр яг тэнцэнэ. Мөнхбаясгалан намайг Монгол хүн үү? гэж асууж байгаа юм байна. Хамтдаа очиж цусны шинжилгээ өгье, 3 үеийнхээ намтрыг нэгэн зэрэг ард түмэндээ ил дэлгэж тавья. Харин би энэ үгнээсээ буцахгүй шүү.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл миний санаачилсан хууль биш хамтарсан Засгийн газрын боловсруулсан хууль. Мөнхбаясгалаан та одоо мөнгөний сэтгүүлч биш иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн болсон. Ингэж иргэдийг идэр есийн хүйтэнд талцуулж, мэдээлэлгүй байдлыг нь дөрөөлөн бах таваа хангах сайхан байна уу.
Та хуулийн төслийн 5 хан заалтыг уншилгүй хийсэн үг, үйлдэл гөлөг төөрүүлөхийн үлгэрээс чинь болоод ямар ч Квот бичигдээгүй хуулийн төслийг 280,000 хужаа ирэхээр болгож, Гадаадын ажиллах хүч оруулж ирээд ажлын байрны төлбөр төлдөггүй том компаниудын эрх ашгийг хамгаалж, хөл дээрээ босож ядаж байгаа жижиг компаниудын үүрдэг ачааг нэмж, авилгал, хүнд суртлын тогтолцоог хэвээр нь авч үлдэж чадлаа.
Ичсэн хүн хүн ална гэж бий. Энэ хуулинд 280,000 хужаа оруулна гэсэн нэг ч тоо байхгүй. Хуулийн төсөлд ийм үг үсэг, цэг, таслал, тоо байгаа бол би хариуцлага хүлээе. УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн уншиж, судалж, харьцуулж байж үг, үзэл бодлоо илэрхийлэх нь ёс зүйд нийцнэ. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэдэг. Илүү хэрсүү, илүү сэрэмжтэй байцгаая” хэмээн бичжээ.