Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулан байгуулжээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.
Ажлын хэсэг хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллана гэлээ.
Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн орчим барьж 4-5 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг 2025 оны улсын төсөвт тусгасан байна.